Тархинд шинэ зам тавья


Нийтлэгдсэн: 2015-12-12 23 цаг 58 минут

Нэг. Тархины уян хатан чанар

Хүний уураг тархинд “хурдны замууд” байдаг гэвэл та итгэх үү. Тархины эд эсээс бүрдсэн энэ хурдны замаар мэдээлэл дамжих ба та хэдий олон удаа энэ замаар явна төдий чинээ уг зам хатуужиж бэхждэг. Жишээ нь та ямар нэг идэх уух зүйл, чихэр ч юмуу эсвэл тамхийг нэг амталж үзээд танд их таашаагдаж та дахин дахин тэр зүйлээ амтлах гэж тэмүүлснээр тархинд энэ тухай мэдээлэл тогтож, чихэр идэх, тамхи татах сайхан гэсэн мэдрэмж гүн бат суудаг байх нь. Нэгэнт тархинд бэхжиж төлөвшсөн энэ мэдээллийн “хурдны замыг” өөрчлөх боломжгүй гэж бодвол хүн хэзээ ч архинаас гарахгүй, эсвэл муудалцсэн хүнтэйгээ эргээд эвлэрэхгүй байх байсан биз. Гэтэл үнэн хэрэгтээ бидний гадаад орчин, нөхцөл байдал төдийгүй хүний өөрийн уураг тархи байнгын хөдөлгөөнд оршиж, хувьсан өөрчлөгддөг учир үүний улмаас хүний тархинд байнга шинээр “зам тавигдаж”, өмнө тогтсон бодол, төлөвшсөн дадал зуршлыг өөрчлөх боломж хүн бүрт байдаг аж. Үүнийг шинжлэх ухаанд тархины уян хатан чанар буюу нейропластисити хэмээдэг аж.

20-р зууны эхэн үе болтол шинжлэх ухаанд насанд хүрсэн хүний тархийг хөгжлийн хувьд зогсонги байдалд ордог, цаашид хөгжих боломжгүй гэж үздэг байсан бол өнөөдөр нейросайнс гэж тусгайлсан салбар ухаан тархины үйл ажиллагааг судалж шинэ шинэ нээлтүүд хийгдсээр байна. Тархины уян чанарыг нотолсон нэгэн том нээлтийг хэдэн жилийн өмнө АНУ-ын эрдэмтэд хийсэн бөгөөд тухайн үед АНУ-ын Тайм сэтгүүлээс сэтгэл зүйч, нейросайнсч (тархи судлалын) нэрт эрдэмтэн профессор Ричард Дэвидсоныг 2006 оны шилдэг хүнээр тодруулж байжээ.  Профессор Дэвидсоныг энэхүү нээлтийг хийхэд олон жилийн бясалгал хийсэн буддын шашны лам нар ихээхэн тус болсон байна. Миний бие хэдэн жилийн өмнө энэхүү нээлтийн талаар “Тархины фитнесс” гэсэн нийтлэлдээ дэлгэрэнгүй бичсэн тул энд төдийлөн их дурьдалгүй өнгөрөе. Товчхондоо, АНУ-ын эрдэмтэн лабораторийн туршилтандаа энгийн хүмүүс болон байнгын бясалгал хийдэг буддын лам нар тэр дундаа маш залуугаараа бясалгалын мастераар шалгарсан Мингүр Ринбүүчийг Далай багшийн санал болгосноор оролцуулсан аж. Тархины нарийн мэдрэмжтэй тоног төхөөрөмжийг ашиглан судлахдаа бүх оролцогчдыг хайр энэрэл, нигүүлсэлийн тухай бодохыг даалгав. Ердийн шинжилгээнд нийт арван зургаан мэдрэгч электродыг хүний толгойд зүүж хэрэглэдэг бол Мингүр Рибүүчийн толгойд маш нарийн шинжилгээ хийх үүднээс нэг зуун хорин найман мэдрэгчийг зүүжээ.

Ингээд үр дүнг харахад бүх оролцогчдын тархины гамма долгион буюу хүний сэтгэл ханамжийн мэдрэмжийн үзүүлэлт тодорхой хэмжээгээр өссөн бол лам нарынх энгийн хүмүүсийнхээс хэд дахин илүү байх төдийгүй Мингүр Ринбүүчийнх тоног төхөөрөмж зөв зааж байна уу гэж эрдэмтдийг гайхшруултал маш өндөр үзүүлэлт гарчээ. Тархины үйл ажиллагааны ийм өндөр эерэг үзүүлэлтийг өмнө нь хэн ч үзүүлж байгаагүй нь тархи судлалд яах аргагүй онцгой үйл явдал болов. Хамгийн сонирхолтой нь хайр нигүүлсэлийн тухай бодохоо болингуут энгийн хүмүүсийн гамма долгион шууд буурсан бол лам нарынх өндөр түвшингээ урт удаан хугацаанд хэвээр хадгалсаар байлаа.

Судлаач Дэвидсон үүнийг дүгнэхдээ байнгын бясалгал хийж, эерэг хандлага, нигүүлсэнгүй сэтгэлийг төрүүлэн бодох нь хүний тархийг бүтцийн болон функцийн хувьд өөрчилж, тархины зүүн буюу аз жаргал, амгалан тайван мэдрэмжийг үүсгэдэг хэсгийг онцгойлон хөгжүүлдэг гэж үзжээ. Нэгэнт хөгжүүлж чадсан тархи нь гадны нөхцөл байдал ямар байхаас үл хамааран тэрхүү ханамжтай, амгалан мэдрэмжээ урт удаан хадгалж чаддаг нь шинжлэх ухаан, анагаах ухаанд томоохон нээлт болж байжээ. Хүн гагцхүү бие махбодийг фитнесс, биен тамираар хичээллүүлэх төдийгүй өөрийн тархи, сэтгэл оюуныг мөн байнга дасгалжуулах нь тэрнээс ч дутахгүй ач холбогдолтой болж байна. Хүний сэтгэлийн уян чанар нь түүнийг өөрчлөх, хувирах, сургах боломжтой гэсэн дүгнэлтэнд хүргэж байгаа юм.

Хоёр. Киотогийн хавар буюу Боловсрол, Эрүүл мэнд ба бусад

2014 оны 4–р сар. Японы Киото хот ягаахан ялдам цэцэгстэй сакуранд хучигдан үлгэрийн мэт цэцэглэсэн хавар цаг. Алдарт Алтан сүмээс эхлээд олон эртний барилга байшинтай, японы язгуур уламжлалтай энэ хотод Дээрхийн гэгээнтэн Далай багш, дэлхийн томоохон эрдэмтэд, физикч, математикч, сэтгэл зүйч, буддын шашны лам нар цугларч орчин цагийн шинжлэх ухаан, буддизмын зүгээс хүний оюун ухаан, сэтгэлийг хэрхэн тодорхойлж, тайлбарлан үздэг тухай болон аз жаргалтай амьдрахад буддын ном, шинжлэх ухаан хоёр хэрхэн нийлж хамтран ажиллаж болох талаар хэлэлцсэн билээ.  Далай багш үүнийг оюун ухааны “газрын зургийг” зурахтай адил хэмээн дүрсэлсэн бөгөөд хүний оюун ухаан, сэтгэл гэдэг энэ асар нарийн цогц ойлголтыг чухамдаа “энэ” гээд нэрлээд тогтоох, томьёолох боломжгүй ч (гагцхүү барууны шинжлэх ухааны “уураг тархи” гэдгээр хязгаарлах боломжгүй, буддын ухаанд сэтгэл, сүнс зэргийн чанарыг давхар цогц агуулж буй гэж үздэг) түүний гадаад илрэх байдал нь маш олон талт юм. Монголчууд сэтгэлийн талаар эрт дээр үеэс мэдлэгтэй байсан төдийгүй бүдүүн, нарийн сэтгэлийг ялган хүний нас барахад нарийн сэтгэл биеийг орхин дараах төрлийг 49 хоногт багтаан олдог гэж үздэг. Сэтгэлийг гагцхүү тусгай бясалгалаар танин мэдэх, мэдрэх боломжтой ба уур хилэн, атаа хорсол гэх мэт муу бодол нь үнэндээ “зочид” төдий бөгөөд тэднийг сэтгэлд дөнгөж ороод ирэнгүүт нь танин үдэж, сэтгэлээ энэрэл нигүүлсэлд төвлөрүүлэх боломжтой гэж лам нар айлддаг.

Өөрийн оюун ухаан сэтгэлээ танин мэдэх нь бидэнд ямар бололцоо байгааг мэдэхтэй агаар нэг бөгөөд хэрхэн үр дүнтэй ашиглах, хүний сэтгэл ханамжтай, аз жаргалтай, бие болон сэтгэлээрээ эрүүл, зохирсон байдлыг хэрхэн бий болгох тухай шинжлэх ухааны зүгээс ч буддын ухааны талаасаа ч зорилго нэг байна. Хүний сэтгэл, оюун ухаан буюу дотоод тал руу “өнгийж”, гүнд оршин буй мөн чанар, хүч чадал, чадварыг нээсэн байдлаараа буддын ухаан шинжлэх ухаанаас хол давсан байдаг. Тухайлбал, шинжлэх ухаан тэр дундаа физикийн онолд харьцангуйн онол, квантын ойлголт гарч ирээгүй бхад юмс үзэгдлийг бие биенээс үл хамаарсан, хөдлөшгүй туйлын шинжтэй, мөн сэтгэц, тархи судлалын хүрээнд хүний тархийг насанд хүрээд хөгжил зогсдог гэж үздэг байсан үе 20-р зууны эхэн үе хүртэл байжээ. Тэгвэл өнөөдөр шинжлэх ухааны олон салбарт, тухайлбал квантын физик, математик, сэтгэц болон сэтгэл судлал, анагаах ухаанд буддын философи, бясалгал, сэтгэл судлалын ухагдахуун анхаарлыг ихээхэн татаж, харилцан бие биенээ судлах, хослуулан хэрэглэх нь хаа сайгүй элбэгшиж байна.  Ихэнх тохиолдолд шинжлэх ухаан шашин хоёрыг бие биендээ харш гэж үздэг бол буддизм нь шинжлэх ухааны хувьд нээлттэй, түүнийг мухар сүсгээр дагахаас илүүтэйгээр “алт шиг” шинжлэн судлахыг чухалчилдаг бөгөөд ертөнцийг танин мэдэх нь өөрөө буддизмын нэг зорилго юм. Алив юмс үзэгдлийн мөн чанар, учир шалтгааныг эрхэмлэдэг буддизм өөрийн нээлттэй чанараараа, энэрэнгүй үзлээрээ шинжлэх ухааныг улам баяжуулан, хүний оюун ухаан, сэтгэл зүй, тархи судлал, байгаль экологи, боловсрол хүмүүжил, нийгэм, эдийн засаг зэрэг нийгмийн олон салбарыг илүү хүмүүнлэг болгох, шинжлэх ухааны хандлагыг илүү цогц, нийлмэл мэдлэгийн түвшинд хүргэхийг хичээж ирсэн.

Хүний оюун ухаан, сэтгэл нь асар нарийн амьд зүйл учир түүнийг хиймэл буюу математик ч юмуу компьютерийн аргаар гаргаж ирэх боломжгүй болохыг хүн ам нь хөгширч, настайчуудыг асрах хүн олдохгүй байгаа тулгамдсан асуудлыг роботоор орлуулах гэж судалж байгаа японы эрдэмтэд ярьж байлаа. Роботын мэдлэгийн санд нь хэдэн сая номыг багтааж тэрээр олон асуултанд цэвэр логикийн түвшинд бүдрэхгүй хариулж чадах ч асрах гэж настай хүнд мэдрэмжтэй, хайр мэдрүүлэм харилцааг бий болгож өгч чадахгүй байх нь тодорхой аж. Тиймээс ч японы эрдэмтэд буддын нигүүлсэх сэтгэл гэж юу болох, ямар хэмжүүртэй, яаж хэрэглээнд буюу роботод хэрхэн “нэвтрүүлэх” талаар буддын лам нараас суралцаж ихээхэн сонирхож байгаа нь илт байлаа.

Сүүлийн гучаад жилийн туршид энэ чиглэлээр ажиллаж, судалгаа шинжилгээ хийсэн АНУ-д төвтэй Майнд энд Лайф хүрээлэнд салбар салбарын эрдэмтэд цуглаж цогц, харилцан хамаарал бүхий шинжлэх ухааны хандлагыг төлөвшүүлэх гэж оролдож байна. Тухайлбал, ерөнхий боловсрол болон эрүүл мэнд, байгаль орчны салбарт энэхүү цогц хандлагыг нэвтрүүлэх гээд ажиллаж байна. Хүүхдэд зөвхөн гадаад мэдлэг олгоход анхаарах бус дотоод буюу сэтгэлийн боловсрол, бусдыг хайрлан энэрэх хүндэтгэх сэтгэл, амьдралын сорилт бэрхшээлийг давах тэнхээ ухаарал зэргийг цогц байдлаар хүргэхийг онцгойлон анхаарч үүнд буддын шашны бясалгал, нигүүлсэнгүй үзлийг ашиглаж сургалтын хөтөлбөр, тусгай сургуулиуд байгуулж байна. Тархи, оюун ухаан судлаач Дэвидсон эрдэмтэн сүүлийн үед судалгаагаа өргөжүүлж америкийн хүүхдүүдэд анхаарал төвлөрөх болон энэрэн нигүүлсэх бясалгалыг хоёр долоо хоногоор өдөрт 30 минут эсвэл хэдэн сараар хийлгэн туршиж үзэхэд эдгээр хүүхэд бусад бясалгал хийгээгүй хүүхдээсээ зан байдлын хувьд өөрчлөгдөн илүү нийтэч, зөөлөн, тусархуу, хичээлдээ дуртай мөн тайван байдаг болохыг нотолжээ. Түүгээр ч үл барам биеийн эрүүл мэндэд нэн таатай нөлөөтэй байжээ. Тухайлбал, хүүхдийн дархлаа нь сайжирч цусны шинжилгээ авахад ханиадны үрэвсэл багасах, түүнийг эсэргүүцэх чадвар нэмэгдсэн байв.

Анхаарал төвлөрөх төрөлхийн эмгэгтэй хүүхэд ч гэсэн дээрхи бясалгалыг гурван сар хийснээр удам зүйн дээрх өвчин илааширч байгааг мөн нотолсон байна.  Хүний тархи, оюун ухаан асар их боломжийг өөртөө агуулж байдаг түүнийг нээх хэрэгтэй гэж эрдэмтэд үзэж байгаа бөгөөд бясалгал нь бодит үр дүн авчирч байгааг шинжлэх ухааны судлаач эрдэмтэд өгүүлж байна. АНУ-йн Билл Гэйтсийн сантай хамтран хүүхдийн писи тоглоомыг илүү хүнлэг болгох буюу хэн хэнтэйгээ хөөцөлдөж, алан хяддаг бус харин эх дэлхий дээр харь гаригийн хүн ирээд тоглож буй хүүхэд түүнд тусалдаг тоглоомуудыг зохион бүтээн ажиллаж байна. Хүүхдийн оюун санаанд ийнхүү багаас нь энэрэнгүй, хүнлэг байх “хурдны замуудыг” тавьж байна.   

Бас нэг сонирхолтой жишээ. Финланд болон бусад Скандинавын орнуудад элит болон ердийн гэж сургуулийг ялгадаггүй, хүүхдийг шалгалт шүүлгэнд бус амьдралд бэлтгэнэ гэсэн зарчим баримталдаг тул шалгалт энэ тэр бараг авдаггүй, дүн тавьдаггүй харин багаас нь шашин судлал, хөрөнгө оруулалт, мөнгө, гэрээ хэлцэл гээд ирээдүйн амьдралд чухал ач холбогдолтой сэдвүүдийг заадаг аж. Мөн ердийн хүүхдүүдийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй нэг ангид хамт суралцуулдаг нь бусдыг энэрэх, хүлээн зөвшөөрөх сэтгэлд багаас нь сургадаг байна.  Ялгаварлан гадуурхагдах, бусдаас илүү эсвэл дутуу гэсэн ойлголтыг гаргахгүй байхад сургалтын бүх орчныг зохион байгуулдаг аж.

Дэлхийд мөн  боловсролын түвшингээрээ гайхагддаг Японд хүүхдийг багаас нь өөрийгөө ажиглах, өөрийгөө удирдаж хянах чадварыг чухалчлан магтан сайшаадаг байна. Өөрийгөө ажиглан, өөрийнхөө зан байдлыг удирдаж чаддаг хүн цаашлаад энэрэнгүй болох, уур уцаар, тэвчээргүй байдал гэх мэт сөрөг зан байдалд автах нь бага болдог аж.

Манай улсын хувьд орчин цагийн хүүхдийн боловсролыг шинэ түвшинд авч үзэх шаардлагатай байна. Өнөөдөр сургуулийн хүүхдэд гадна талын материаллаг ертөнцийн мэдлэгийг олгох талаар голчлон заадаг боловч хэрхэн аз жаргалтай амьдрах, бусдыг хүндэтгэх, энэрэн нигүүлсэх, ес суртахуунлаг байх зэрэг сэтгэлийн боловсрол ихэнхдээ орхигдсон байдаг. Бусдыг хүлээн зөвшөөрөх, ядуу дорой, өнчин, хөгжлийн бэрхшээлтэй нэгийгээ ялгаварлан гадуурхахгүй байх зэргээр халуун дулаан орчин нөхцөл, эцэг эх, багш хүүхдийн эрүүл зөв хандлаганд онцгой анхаарч, бодитоор өөрчлөлтүүдийг хиймээр байна. Дан ганц шинжлэх ухааны боловсролоор хүн амьдралын олон асуудал бэрхшээлийг даван туулах тэнхээ, ухаан дутдаг төдийгүй шийдэл ололгүй бухимдаж стресст орох, бусадтай асуудлыг хэлэлцэхээс зугатааж, ганцаардах, гэмт хэрэг үйлдэх, сэтгэлээр унах, амиа егүүтгэх  зэргээр муу үр дагаварт хүрэх нь багагүй тохиодог.

Эрүүл мэндийн салбарт гэхэд эмч ажилтнууд төдийгүй өвчтөн ар гэрийхэнд нь буддын бясалгалыг зааж хэвшүүлж байгаа нь ихээхэн үр дүнтэй байна. Зөв бодол, эерэг хандлага нь өвчнийг даван туулах тэнхээ суулгаж, дархлааг сайжруулдаг болох нь нотлогдож байна. Киотогийн хурал дээр америкийн нэгэн төрийн бус байгууллага хэрхэн эмнэлэгүүдтэй ажилладаг тухай ярьж билээ. Урт удаан хугацаагаар өвдөж зовиурладаг хавдарын өвчтөнд бясалгал хийх, сэтгэлээ эерэг зөөлөн байлгах, өөрийгөө хүлээн зөвшөөрөх зэрэг хандлага нь өвчнийг даван туулах тэнхээ хүч чадал оруулах төдийгүй уур бухимдал, итгэл алдрах, гутрах, айх сандрах зэргээс ангижрахад их тус болдог аж.

Монголчууд бид барууны орнуудыг бодвол суурь уламжлал соёл, шашин, амьдралын хэв шинжээрээ байгальдаа илүү ойр, түүнтэй зохицдог, амны билэгээс ашдын билэгийг хардаг сэтгэлийн зөв хандлагыг дээдэлдэг, билэгшээдэг онцгой ард түмэн. Бид сүүлийн хэдэн арван жилд уламжлалаасаа тасарч, өнгө мөнгийг эрхэмлэж, үнэт зүйлгүй, ёс суртахуунгүй байдалд нийтээрээ дасан зохицож, төр нь авилга, хүнд сурталд идэгдэж, хуулиа биелүүлдэггүй төрд төдийгүй хүн хоорондын итгэл алдарсан. Зах зээлийн тогтолцоонд шилжих явцад хүний, нийгмийн үнэт зүйлийн, оюуны, соёл урлагийн, шашны шинэчлэл орхигдсоноос одоо монгол хүнд худал хэлэх, хулгай хийх, бие биенээ хулхидах, дээрэлхэх, дарамтлах, атаархах, төрийн албыг наймаалцах, төрийн албын үйлчилгээг “худалдах”,  хувьдаа завших, намаар ялгаварлан гадуурхах, өнгө мөнгө эрх мэдлээр нь ялгах зэрэг ес зүйгүй, шударга бус, хүнлэг бус байдал хаа сайгүй ердийн үзэгдэл болсон. Биднийг нэгтгэх үзэл санаа, итгэл, ёс суртахуун, хүн чанар бүдгэрсэн. Бид ийнхүү доройтож, намаг балчигтаа улам шигдэн өөрчлөх зориг, ухаан дутаж, хий л бухимдан ам дамжин ярихаас дорвитой зүйл хийсэнгүй. Хувь хүн рүү хандсан хөгжил, түүний сэтгэлийн боловсрол, ёс суртахууныг онцгой анхаарахгүйгээр шинээр институци, Авилгатай тэмцэх газар байгуулаад, хууль батлаад нэмэр болохгүй байна.

Асар их мөнгө зарцуулан хот аймгийг холбон босгодог хатуу хучилттай зам барих нь хэрэгтэй. Гэхдээ бие биенээ түшиж тулдаг, хүндэлж хайрладаг, буруу муу үйл хийхээс өөрийгөө болон бусдыг сахин хамгаалдаг, зөв сэтгэл үзэл бодолтой, худалдагддаггүй үнэт эрхэм зүйлтэй, ёс суртахуунтай монгол хүн Монголдоо бүр ч их хэрэгтэй байна. Тархинд зам тавих цаг!