ТЭНЦВЭРИЙН ЗАРЧИМ


Нийтлэгдсэн: 2015-12-13 00 цаг 19 минут

Орчин цагийн хэмнэл шударга ёсны тухай ойлголтыг аль хэдийн өөрчилсөн байх юм. Хөдлөшгүй, хийсвэр ойлголт мэт байсан шударга ёс нь өнөөдөр илүү прагматик, шинжлэх ухаанч чанартай болсон нь хууль боловсруулах болон хэрэгжих механизмын хувьд илэрхий болж байна. Тухайлбал, барууны орнуудад Жон Ролсын философи чухал байр суурь эзэлж, эрх зүйн онолд тэнцвэртэй хувиарлалтын ойлголт бий болсон. АНУ-ын эрх зүйн онолчид бихэвиорализмын урсгалыг хөгжүүлсэн нь хууль ямар нэгэн улс төрийн бодлогод үйлчилдэг гэсэн томъёолол юм. Энэ нь хууль ёс бол норматив чанартай гэдэг нормативизмын “эцэг” болсон Х.Келзений уламжлалт онолоос өөр. Өөрөөр хэлбэл даяаршлын, нийгмийн, эдийн засгийн, олон улсын, улс төрийн зэрэг олон салбар хоорондын идэвхитэй уялдаа, харилцан хамаарал, эдгээр хүчин зүйлийн нэгдмэл харилцаа шударга ёсны орчин үеийн “имэжийг” бүрдүүлж, шударга ёс нь илүү бодитой, практик хэрэглээ бүхий, үнэмлэхүй бус харин бодлогоор тодорхойлогддог, тодорхой зорилгод үйлчилдэг динамик чанартай ойлголт гэж дүгнэхэд хүргэж байна. Үүнийг нэг талаас нийгмийн хөгжлийн шаардлагаас бий болж байгаа зайлшгүй өөрчлөлт гэж үзэж болно. Нөгөө талаас шударга ёс гэдгийг хэрэглээнд хэрхэн үндэслэн тогтоох, тэр хэмжээгээр бодлогод ямраар нөлөөлөх боломжтой вэ гэсэн асуудал илүү нээлттэй болж байгаа хэрэг.

1. Хууль ба үнэт зүйл

Хууль шударга баймааж аливаа харилцааг хууль ёсны гэж үзэх үндэслэлийг зөвтгөж байдаг. Тийм учраас хуулийн амин цөм болсон шударга ёсыг хэрхэн тодорхойлох, түүнийг хуулиар илэрхийлж, хэрэгжүүлэх, нийгэмд хэрхэн нөлөөлөх зэрэг нь эрх зүйн онолын суурь асуудал яах аргагүй мөн. Хэдийгээр хуулийг хүн хийдэг буюу шударга ёсны тухай хувь хүн бүр өөрийн гэсэн ойлголт, үзэл санаатай байдаг, иймээс ч тэр нь субьектив, харьцангуй бол нийт нийгмийн олон талт, цогц харилцаанд шударга ёс нь нийгмийн, бодитой, объектив чанартай байдаг. Эцсийн эцэст хууль нь нийгмийн үзэгдэл юм, нийгэмд үйлчилж, нийгмийн үнэт зүйлд тулгуурладаг. Хууль  нийгмийн гишүүн бүрийг хамгаалахын сацуу нийгмийн нийт үнэт зүйлийг хамгаалах мөн чанартай. Ийм ч учраас хуулийг боловсруулах, хуулийг тогтоох бүхий л механизм ардчилсан байх, нийгмийн бүхий л ашиг сонирхлыг төлөөлөх тийм тогтолцоо чухал байдаг.

Даяршиж буй харилцан хамаарал бүхий дэлхий, өнөөгийн хүчний болон тогтолцооны харьцаа, мэдээллийн хурдацтай тархац, өөрчлөлт шинэчлэлийн орчин үед бид юуг шударга хэмээн үзэж нийтээр дагаж мөрдөх хэмжээ болгох билээ? Шударга хуулийн цаана шударга бодлого байдаг. Бодлогын гол хөдөлгүүр нь зорилго учраас нийгмийн тогтолцооноос хамаарч юуг зорилго, үнэт зүйл болгох, түүнийгээ Үндсэн хуулийн үндсэн зарчмууд болгох эсэх хамаарна. Үнэт зүйл гэдэг нь нэг улсын төдийгүй олон улсын хэмжээнд урт хугацааны, оршин тогтнохын тулгуурууд байдаг бөгөөд эдгээр нь зорилгыг тодорхойлдог. Ийм туйлын үнэт зүйлс нь хүн буюу хүний эрх, эдийн засаг ба байгаль орчин гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Тэгвэл хууль, цаашилбал эрх зүйн онол нь эдгээр амин чухал үнэт зүйлийг хэрхэн бодитоор, үр дүнтэй, цогцоор нь хамгаалахад үндсэн үүрэг нь оршиж байна. Учир нь хүний эрх, байгаль орчин, эдийн засаг зэрэг суурь үнэт зүйлс харилцан хамааралтай, нийгэм эдийн засгийн тогтолцооны нэгдмэл чанарыг бүрдүүлэгч хэсгүүд юм.

2. Харилцан хамаарлын тухай

Хүн төрөлхтөний хөгжлийн даяаршлын энэ үе харилцан хамаарлын ойлголтыг иж бүрэн бий болгож, хүний эрх, эдийн засаг, байгаль орчинг хамгаалахад нэг улсын бус харин олон улсын хамтын ажиллагаа, тэр дундаа олон улсын хууль эрх зүйн шинэ, үр дүнтэй шийдлүүдийг хүлээж байна. Олон улсын эрх зүйн хувьд НҮБ-ын болон Дэлхийн худалдааны байгууллагын үндсэн хуулийн эрх зүй сүүлийн үед ихээхэн анхаарал татаж байна. Учир нь олон улсын үнэт зүйл, тулгуур зарчмуудыг тодорхойлж, “хуульчлахгүйгээр” нийт тогтолцоо оршин тогтнох, зөв чиг зүгээ олж цааш “амьдрахад” бэрхшээлтэй болсон нь нэгэнт нотлогдсон зүйл. Шударга ёсны хэм хэмжүүр, үнэт зүйл, суурь зарчмуудыг тогтоож хуульчлах нь нэг талаас оролцогч бүх талууд “тоглоомын дүрмээ” тохирч байгаа хэрэг. Нөгөөтэйгүүр энэ нь нийтэд тогтвортой байдал, аюулгүй байдал, итгэлцлийг бий болгож, аливааг урьдчилан харах, тооцох боломжийг бүрдүүлдэг. Даяршил дэлхийг улам бүр нэгтгэж байгаа хирнээ эрх мэдэл, хөрөнгө чинээ, мэдээлэл, боломжийн хувьд улс бүхэн, хүн бүхэн адил биш байна. Олон улсын байгуллагууд, тэр дундаа Олон улсын валютын сангийн бодлого ядуу улс орнуудыг улам ядуу, баян улсуудыг улам баяжихад хүргэж байна хэмээн Нобелийн шагналтан Ж.Стиглиц шүүмжилж байсан нь саяхан.

Хүн ам цөөтэй, газар нутаг уудамтай Монгол улсын хувьд нээлттэй гадаад бодлого явуулж, гадаадын хэдэн сая долларын хөрөнгө оруулалтыг уул уурхайн салбарт хийсэн. Гадаадын хөрөнгө оруулалтын бодлогод эрх зүйн шударга ёсны тодорхой зарчмууд алдагдсанаас байгаль орчин сүйдэх, хүний эрх зөрчигдөх, тогтвортой хөгжлийн бодлого хэрэгжихгүй байх зэрэг олон сөрөг үр дагавар гарсан, гарсаар ч байгаа.  Эдийн засгийн ашгийг бусад үнэт зүйлээс дээгүүр тавьж ирснээс байгаль орчин, хүний эрхийн үнэт зүйл байр сууриа алдаж, ингэснээр тогтолцооны нэгдмэл чанар гажуудаж, тэр нь юун түрүүн олон арван жагсаал, иргэдийн бухимдлаар илэрч байна.

Байгаль орчныг хамгаалах нь зардал ихтэй, эдийн засагт хохиролтой байж болох хирнээ эдийн засгийн ашигтай нөхцөлд байгаль орчноо сэргээх бас хуримтлал бий болгодог. Жишээ нь эдийн засгийн ашгийг хэт их хөөж тухайн компаний ажилчдын эрх ашиг ихээр хохироодог. Эсвэл төрөөс ажилчдын эрх ашгийг дээд зэргээр хамгаалах хууль гаргаад ирэхээр компаниуд дампуурах, бизнес эрхлэх ашиггүй болдог. Энэ нь гаднаас нь харвал ойлгомжтой, тодорхой асуудал мэт байвч цаанаа бодлогын, тогтолцооны чухал асуудал хөндөгддөг юм. Иймээс ч бодлогын хувьд үндсэн хуулийн чанартай гэж  дүгнэмээр санагддаг.

Гэхдээ дээрх асуудалд барууны орнуудад,  мөн манайд ч бага багаар боловч боловсронгуй хандаж эхэлсэн. Компаниудаас нийгмийн өмнө хүлээх хариуцлага, тогтвортой хөгжил, байгалийн нөхөн сэргээх ажиллагаа гээд олонг зүйлийг энд дурьдаж болно. Эдийн засгийн ашгийг зорилгоо болгохын хажуугаар байгаль орчны хамгаалах, аль аль талдаа ашигтай үйлдвэрлэлийн хувилбаруудыг уул уурхайн, үйлчилгээний, худалдааны салбарт ашиглаж эхэлж байгаа нь сайшаалтай. Хөгжилтэй орнуудад сүүлийн үед иймэрхүү уялдсан, синержи арга технологийг ихээхэн дэмжиж өргөнөөр ашиглаж байна. Энгийн жишээ татахад, аль нэг ховор амьтаны гаралтай хүнсний бүтээгдэхүүний гаднах сав боодол дээр энэ тухай нь тодорхой анхааруулга тэмдэг тавих, ингэснээр хэрэглэгч худалдаж авах эсэхээ шийдэх чөлөөтэй байхаар хуульчилсан Европын орнууд байдаг. Энэ нь нэг талаас тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч компаний бизнесийг шууд утгаар хориглоогүй, нөгөө талаас хэрэглэгч тухайн хүнсийг худалдаж авах эсэхээ шийдвэрлэх боломжийг бүрдүүлж буй энэ арга (labelling) нь эдийн засгийн болон байгаль орчны хоёр хүчин зүйлийг харилцан ашигтайгаар шийдэх гэсэн оролдлого мөн.

3. Тэнцвэрийн зарчим

Хүний эрх, эдийн засаг, байгаль орчин гэсэн үндсэн гурван хүчин зүйл нь бие биенээ харилцан нөхөж, дэмжиж байвал тогтолцоо тогтвортой, хөгжих бололцоотой. Харин хоорондоо уялдахгүй сөргөлдөх нөхцөлд тогтолцооны бүрэлдэхүүн аль нэг хэсэг дэвшин дээшилж (жишээ нь эдийн засгийн ашиг), нөгөө хүчин зүйлийг (жишээ нь байгаль орчин) сулруулдаг. (Үүнийг онолын хувьд маргахыг үгүйсгэхгүй ч системийн нэгдмэл байдал түүнийг бүрдүүлэгч харилцан хамаарал бүхий хүчин зүйлүүд гэсэн  өгөгдөхүүн дээр үндэслэж байна.) Тэгвэл энэ гурван системийг бүрдүүлэгч хүчин зүйлийн өв тэгш, хоорондоо хамтран үр ашигтайгаар нөлөөлөх тэр харьцааг яаж тогтоох вэ гэсэн асуудал гарч байна.

Дээр өгүүлсэнийг дүгнэхэд нэгэн зэрэг нийт тогтолцооны нэгдмэл чанарыг хадгалахын зэрэгцээ түүний бүрдүүлэгч хэсгүүд болох үнэт зүйлийг “эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүйгээр” ижилхэн хамгаалах тийм эрх зүйн механизм шаардлагатайг харуулж байна. Энэ нь тэнцвэрийн тухай концепци юм. Тэнцвэрийн бодлогыг эрх зүйн тодорхой хэрэглүүрээр дамжуулж хэрэгжүүлэх буюу тэр нь тэнцвэрийн зарчим. Тэнцвэрийн зарчим нь өөрөө эрх зүйн арга хэрэглүүр болохоор тогтолцооны цогц асуудлаархи шийдвэр гаргах, бодлого, хууль боловсруулах, хуулийг хэрэглэх, арбитр шүүх ажиллагаанд хэрэглэх боломжтой. Хүний эрх, эдийн засаг, байгаль орчин гэсэн эрх тэгш ашиг сонирхолууд бие биетэйгээ сөргөлдөх нөхцөлд хүчийг тэнцвэржүүлэх үүрэгтэй, шийдвэр гаргах түвшинд ашиглах боломжтой нейтраль аргачлал юм. Уг зарчмыг товчоор томъёолбол: Тэгш эрхтэй, харилцан хамааралтай нэгдмэл системийг (тогтолцоог) бүрдүүлэгч хэсгүүд тэнцвэртэй байна. Ингэхдээ нэг зүйлийг анхаарах ёстой. Тэнцвэр нь өөрөө эцсийн зорилт бус харин зорилгод хүрэх арга зам юм. Тэнцвэртэй байлгана гээд хөгжлийг сааруулах бус харин ашиг сонирхол хоорондын уялдааг онож харах, харилцан ашигтай ажиллах тэр механизмыг бий болгох зорилготой юм. Угтаа тэнцвэрийн тухай ойлголт нь байгаль дахь экосистемийн тэнцвэр, буддын гүн ухааны их хөлгөний алтан дундаж, эдийн засгийн ухааны ерөнхий тэнцвэрийн онол зэрэг шинжлэх ухаанд хүлээн зөвшөөрөгдсөн янз бүрийн салбар ухааны ухагдахуунтай агаар нэг юм.

Тэнцвэрийн зарчмыг цааш нь нарийн тодорхойлох, зөв ойлгож хэрэглэхэд тодорхой шалгууруудаас бүрдсэн хянах тестийг (screening test) ашиглах шаардлагатай гэж үзсэн тул түүнийг боловсрууллаа. Энэ тестийн шалгуурыг давах эсэхээс өгөдсөн харилцаанд тэнцвэрийг баримтлах эсэхийг шийдвэрлэх, аль нэг бүрдүүлэгч хэсэг (тухайлбал хүний эрх) ихээр хохирохоор байвал тэнцвэрийн зарчмыг зөрчсөн үндэслэлээр тухайн асуудал, маргааныг буцаах маягаар шүүх, захиргааны практикт ашиглах бололцоотой. Ингэснээр тогтолцооны гажуудал бий болохоос урьдчилан сэргийлэх, хэт тэнцвэргүй харьцааг гаргахгүй байх, хамгийн гол нь системийг бүрдүүлэгч үнэт зүйлүүдийг уялдуулан, зохистой байдлаар иж бүрэн хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэхэд уг хяналтын тест ач холбогдолтой гэж үзсэн болно. Орчин үеийн нийгмийн шинжлэх ухаан аливаа асуудалд хамтран ажиллах, зохицох, уялдах тэр  механизмыг судалж, илрүүлэхэд чиглэж байгаа болохоор энэхүү тэнцвэрийн зарчим цаг үеийн шаардлагад нийцэх болов уу. 

Миний бие олон улсын эдийн засгийн эрх зүйн чиглэлээр судалгаа хийж, тэнцвэрийн зарчмыг олон улсын Дэлхийн худалдааны байгууллагын эрх зүйд нэвтрүүлэх, тэр дундаа арбитрын маргаанд ашиглах саналыг дэвшүүлэн Англид мэргэжлийн сэтгүүлд (Manchester Journal of International Economic Law, Vol I, 2; мөн миний өөрийн ном “Тэнцвэрийн зарчим”, 2005 он) хэвлүүлж байсан билээ. Олон улсын эдийн засгийн эрх зүйн үндсэн хуулийн чанартай уг зарчмыг Монголын үндэсний эрх зүй, ялангуяа эдийн засгийн эрх зүй, мөн захиргааны шийдвэр гаргах, бодлого, хууль боловсруулах түвшинд ашиглах боломжтой гэж үзсэн тул ийнхүү уншигч танаа хэт мэргэжлийн болгохоос зайлсхийж санаагаа товчлон хэвлүүллээ.