АЗ ЖАРГАЛТАЙ МОНГОЛ?


Нийтлэгдсэн: 2015-12-13 00 цаг 38 минут

Та аз жаргалтай юу ? Аз жаргал гэдэг хүн бүрийн амьдралын цөм, утга учир юм хирнээ үнэндээ тэрний талаар хүмүүс төдийлөн ярьдаггүй.  Талх, автобусны үнэ, бензин шатахуун, сайд дарга нар, англи хэл, ядуурал, интернет, архины сурталчилгаа гээд олон зүйлийг яривч өнөөдөр аз жаргалын тухай судлал, аз жаргалын талаар доктор хамгаалсан эрдэмтэн, аз жаргал хариуцсан яам, сайд, аз жаргалын нам гэж байдаггүй.

            Аз жаргал гэдэг гол төлөв хувь хүний асуудал гэж үзээд төр үүнд төдийлөн оролцож ирсэнгүй. Харин төр аз жаргалыг бүрдүүлэх “гаднах” хүчин зүйлүүдийг буюу “дэд бүтцийг” байгуулах дээр анхаарч ажиллаж иржээ. Ядуу хүн биеийн, харин чинээлэг хүн сэтгэлийн зовлон эдэлдэг гэж үгийг энд санавал ядуу буурай орны иргэд болох монголчууд бид илүү “биеийн” зовлон эдэлж явна. Тиймээс ч эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, ажилгүйдэл, ядуурлыг буруулах төрөл бүрийн хөтөлбөр зэргээр өдий хүртэл хөөцөлдөж ирсэн. Тэгвэл Монгол Улсын 2007 оны эдийн засгийн өсөлт долоон хувьтай байна. Харин монголчуудын дунд Европын банкнаас саяхан явуулсан амьдралын сэтгэл ханамжийн талаархи судалгаагаар манай иргэд амьдралдаа сэтгэл дундуур байгаа нийтлэг дүн гарчээ. Дэлхийн 62 улс оронд аз жаргал, сэтгэл ханамжийн талаар явуулсан судалгаагаар Африкийн Нигери улс тэргүүлсэн байдаг. Дараагаар нь Латин Америк, Хойд Америк, Европын орнууд орж байна.

Үүнээс дүгнэхэд мөнгөөр аз жаргалыг худалдаж авдаггүй харин жаргалтай амьдрахад өөр өөр хүчин зүйлүүд илүү нөлөөтэй аж. Ер нь Барууны орнуудад эдийн засгийн өсөлтийн талаархи хуучны ойлголт өөрчлөгдөж, улсын хөгжлийг ганц түүнээс хамаатуулах нь буруу болохыг төрөл бүрийн судалгаагаар нотолж байгаагаас нэрт эдийн засагчид Нобелийн шагналтан Амартья Сен (АНУ-ын эдийн засгийн өсөлт болон тус улсын харуудын маш ядуу аж амьдралын харьцааны тухай), болон Харвадын судалгааны (ардчилал эдийн засгийн өсөлтийнг нөхцөл болдоггүй тухай) зэрэг жишээг дурьдаж болох юм. Тиймээс ч орчин үеийн нийгмийн шинжлэх ухаан шинэ шатанд ирсэн буюу хүний амьдралын олон талт харилцан хамаарлыг цогц байдлаар судалж бодлогоо боловсруулах боллоо. Тухайлбал эдийн засаг хууль зүй хоорондын, эдийн засаг сэтгэл зүй хоорондын, байгаль орчин эдийн засгийн хөгжил хоорондын гэх зэргээр хуучин харьцангуй бие даан хөгжиж ирсэн салбаруудыг өнөөдөр тэдгээр хоорондын уялдаат зүй тогтол дээр нь тулгуурлан үзэх шаардлага бий болсон.

Ялангуяа эдийн засгийн тодорхой түвшинд хүрсэн улс орнуудын төрийн бодлого болон шинжлэх ухааны хөгжлийг авч үзвэл энэхүү цогц хандлага, харилцан хамаарал, уялдааг онцгой анхаарч эхэлж байна. Учир иймээс магадгүй аз жаргалын тухай судлал, аз жаргалыг хариуцсан яам ирээдүйд бий болох нь туйлаас боломжтой байж болох юм.

            Хүмүүсийн аз жаргалын талаар судалгаа хийх нь олон талаар маш чухал зүйлийг нээж өгдөг. Ялангуяа улс төрийн намууд, төрийн бодлогыг зөв тодорхойлоход ард түмэн үнэндээ юу хүсэж байна, амьдралд нь тулгарч буй бэрхшээл зовлонгоос алиныг нь анхаарах цаг болсон талаар ихээхэн ач тустай. Манай улсад өнөөгийн боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд иргэд илүү бухимдаж байгаа тухай дээр дурьдсан судалгаа харуулж байна. Нөгөө талаар хүмүүсийн аз жаргал гэдэг заавал мөнгөөр хэмжихдээ биш гэдгийг ойгож төр мөнгөн бус үнэт зүйлийг хөгжүүлэхэд онцгой анхаарвал иргэд илүү жаргалтай байх аж. Жишээ нь Барууны орнуудын сүүлийн арван жилийн эдийн засгийн үзүүлэлтүүд сайн байгаа хэдий ч аз жаргалын үзүүлэлт нь нэмэгдэхгүй нэг түвшинд байна. Үүнийг нарийвчлан судлаад үзэхээр хүмүүсийн орлого нэмэгдсэнээр тодорхой хэмжээгээр сэтгэл ханамжтай болсон ч нөгөөтэйгүүр гэр бүл салалт, гэмт хэргийн өсөлт, түүнчлэн төрийн хүнд суртал, авилгал болон бусад асуудлууд газар авч байгаа нь хүмүүсийг “зовоодог” байна. Харин ардчиллын ачаар эдэлж байгаа эрх, эрх чөлөө нь хүнийг сэтгэл ханамжтай байхад нөлөөлдөг нэгэн чухал үзүүлэлт мөн аж. Монголчуудын хувьд сонирхууштай нь хуучин социалист орнуудтай харьцуулахад хэдийгээр одоогийн амьдрал ахуйдаа сэтгэл дундуур ч гэлээ ардчилал, зах зээлийг тууштай дэмжиж байгаа талаар судалгаагаар гарчээ.

            Улс улсын ард иргэдийн хувьд аз жаргал, сэтгэл ханамж нь нийтлэг  маягаар гэр бүлээс ихээхэн хамааралтай байдаг аж. Гэр бүлийн тоо ихэссэн жил (хэдийгээр  орлого багаслаа ч) хүмүүс өөрсдийгөө аз жаргалтай гэх нь элбэг байна. Гэр бүл нь ойлгодог, дэмждэг эсвэл найз нөхөд олонтой хүн ганцаардмал амьдралтай, гэр бүлгүй  хүнээс илүү жаргалтай байдаг байна. Түүнчлэн утга учиртай, хэрэгтэй зүйл хийж байна хэмээн ажлаасаа таашаал авах нь жаргалтай байхын бас нэг үзүүлэлт мөн бол өөрийгөө хөгжүүлэх, амжилтанд хүрэх, суралцах, чөлөөт цагаараа спортоор хичээллэх, сайн дураар ажил хийх зэрэг янз бүрийн хоббитой хүмүүс илүү их амьдралын баяр баясгалантай байдаг байна. Өөр нэг анхаарал татаж буй зүйл гэвэл судалгаанд хамрагсад дотор шашин шүтлэгтэй хүмүүс нь бусдаасаа илүү жаргалтай байж чадаж байгаа нь эргээд мөнгө аз жаргалын үндсэн түлхүүр биш гэдгийг нотолж байна. Өөрөөр хэлбэл сэтгэлээрээ баян, амьдралаа утга учиртай амьдрая гэсэн хүмүүс илүү их “инээмсэглэж” чаддаг байх нь. Барууны мэргэжлийн сэтгэл зүйч нар Буддын лам нарын амар амгалан, сэтгэлийн тэнхээг судалж, үнэхээр тэдгээр нь бусдаас илүү жаргалтай гэдгийг тогтоож сэтгэл заслын эмчилгээнд ашиглахаар аргаас нь судалж байгаа талаар Английн Guardian сонинд бичсэнийг уншиж билээ.

            Аз жаргал нь хэдийгээр хийсвэр, хэмжихэд хүндрэлтэй мэт санагдавч хүмүүсийн дунд явуулсан судалгаагаар тэднийг баярлуулдаг “хүчин зүйлүүд” тодорхой байна. Төр нь эдийн засаг, боловсрол, соёл, шударга ёс, ардчилал, эрүүл мэнд гээд “том том” салбаруудын цаана буй хүний аз жаргал хэмээх энэ үндсэн үнэт зүйлийг хамгаалж, анхаарч, бодлогоо боловсруулах үүрэгтэй. Монголчуудын дийлэнх одоогийн амьдралдаа сэтгэл ханамжгүй байгаа нь бидний эмгэнэл. Эх орноосоо дайжсан, боловсролгүй, уур бухимдалтай, орлого багатай, өвчин эмгэгтэй, айдас түгшүүртэй, ядуухан сэтгэлтэй, тогтворгүй төртэй ийм л баяр баясгалан багатай нийгэмд бид амьдарч байгаа нь харамсал. Магадгүй аз жаргал гэж холын, мөрөөдлийн бүтэшгүй зүйл, магадгүй энэ талаар ярих эрт байгаа юм болуу. Хуучин социалист орнуудын дунд явуулсан судалгааны дүнгээр Монгол улс нэгэн үзүүлэлтээр ганцаараа бусдаасаа хол давсан байсан. Энэ бол ирээдүйдээ итгэх итгэлийн үзүүлэлт. Монголчуудын энэ өөдрөг үзэл биднийг үеийн үед хүнд хатуу бүхнээс авч гарсан байх. Хүн юу хүснэ тийм л байдаг гэж үг бий. Аз жаргалыг хүсэмжилж, ирээдүйнхээ сайн сайханд итгэсэн ард түмэнд тэр нь хурдхан ирээсэй билээ.