Өнгө


Нийтлэгдсэн: 2016-04-27 14 цаг 51 минут

Орчлон ертөнц дээр хүмүүний амьдралыг баясгаж байдаг хүчин зүйлүүдийн нэгэн болох ӨНГӨ БУДАГ гээч чухал зүйл байхгүйсэн бол бидний аливааг хүлээн авах мэдрэмж бас л дутуу байхсан.Энд би зөвхөн шууд утгаар нь бус бас шилжсэн утгаар нь хэлж байна л даа.

            Орой би Фэйсбүүкдээ байхдаа манай *АХМАДЫН ЗОЛБОО* гэдэг хамтлаг нэгэн попурри хийснийг олж сонсоод сэтгэл ихэд хөдөлснөөр энэ тухай бодол орж ирлээ.Энд манай нэртэй зургаан хөгжмийн зохиолч өөр өөрсдийнхөө зохиосон дуунуудыг хэрхэн дуулж хөгжимдсөнийг сонсоод *Бүгдээрээ өөрийн гэсэн онцлог дүр төрх, ая аялгуу, имиж стильтэй мөртлөө ямар гоё нэгдэж чадаа вэ?* хэмээн өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрсөөн.Тэдний дөрвийг нь би хүүхэд байхдаа ХБДС-д хамт сурч байхаасаа мэдэх бөгөөд ийм мундаг ах нартай нэгэн сургуульд сурч, ойрхноос барааг нь харж явсных бага зэрэг дурсамж бодлууд орж ирэх нь бас гоё ч юм шиг.

            Балхаа ах бол морин хуурын ангид сурч байсан бөгөөд тэр үед ер нь эдний хэнийг нь ч олон жилийн дараа ийм нэр цуугаа мандуулсан мундагчууд болно гэж бидний багачууд бол мэдэхгүй л хажуугаар нь түмэнтээ өнгөрч л явж дээ.Насаар бол энэ ах нар биднээс 4,5 л ах байсан бөгөөд бага залуу байхад энэ нас чинь харин ихээ зайтай харагддаг байсан юмдаг.Одоо л сүртэй ялгаа нь үгүй харагдаж байгаа болохоос тэдгээр ах нараас бол тээээр доор бацаанууд байсан болохоор сургуулийн шинэ жилийн баяр дээр тэдний хөгжим тоглож, ангийнх нь гоё эгч нар бүжиглэхийг хараад *Хурдхан шиг том ангид ороод эд нар шиг болох юмсан* гэдэг хүүхдийн гэгээхэн хүсэл мөрөөдөлд хэн хүнгүй л автаж явж дээ, одоо бодоход...

            Хоовон хэмээх Энхбаяр, Том хэмээх Жагаа ах, Сахал хэмээх Пүүжээ нар бол тэр үедээ л зохиосон анхны дуунуудаа дуулж, хамтлаг байгуулж авьяас нь анх цоорч эхэлж байсныг бол би лав санаад байна.Пүүжээгээс  бусад нөгөө хоёр нь Үлээвэр хөгжмийн ангид суралцдаг байсан бөгөөд сургуулиа төгсөөд ХЦДБЧ ба Улсын Филармонид хөгжимчнөөр орсон цагаас нь хойш ямархуу уран бүтээлийн арвин их цуглуулгатай болсныг би байтугай олон түмнээрээ мэдэх хойно олныг нурших нь илүүц биз дээ.

            Балхаа ахын дуунууд шиг ая аялгууны өргөн цар хүрээг хамарсан, хамгийн олон уран бүтээлч зохиосон дууг нь амилуулсан уран бүтээлч ховор доо, миний л бодлоор шүү дээ.Зөвхөн өөрийнхөө уран бүтээлээр хориод жил ТАЙЛАН ТОГЛОЛТ тасралтгүй тавина гэдэг хэн хүний ч чаддаг ажил бас биш.Гадаад, дотоодын маш олон уран бүтээлчид түүний зохиосон энэхүү дуунуудыг нь өөр өөрийнхөө өнгө төрхөөр амилуулан дуулсныг та бид таашаалтай гэгч нь сонсоод бишрээд байдаг нь бодит байдал л даа.Ёстой хил хязгааргүй аялдаг дуунууд гэж түүний дуунуудыг л хэлэх байх.Дуу болгон нь давтагдашгүй аялгуутай, зарим уран бүтээлчийнх шиг ижилшсэн, давтагдсан байдал ер ажиглагддаггүй бөгөөд үүнд л түүний шавхагдашгүй авьяас чадвар нь харагдаад байдаг юм даа.

            Хоовон Энхбаярынх бол бас их гоё өнгө төрхтэй.Эхний уран бүтээлүүд нь голдуу ХЦДБЧ-д байхад нь түгж эхэлсэн болохоор цэрэг эх оронч өнгө төрхтэй дуунууд их бий. Гэхдээ тэдгээр нь их гоё аялгуутай, эгшиглэнтэй сонсогддог, маш гармонилог дуугаралттайгаараа онцлогтой уран бүтээлч гэж би боддог.*Хөх тэнгэр* хамтлагт байхдаа зохиосон дуунуудынх нь сайхныг ээ? Үнэхээр содон өнгө төрхтэй хөгжмийн зохиолч доо.

            Долгион гуайн зохиосон дуунуудыг би ямар ч байсан *Инээмсэглэл* хамтлагын уран бүтээлийн санд байгаа хэдэн дуугаар нь мэдээд байна.Харин нэг сонин ажиглагдсан зүйл нь түүний дүү Ангирмаа энэ хоёрын дуунууд нь их тийм зөөлөн аялгуутай байдаг нь бас л тэдний л гэсэн содон өнгө төрхтэй холбоотой байхаа л гэж бодож байна. Зэрвэс сонсоход ах дүү хоёрын дуунууд маш төстэй ч гэж хэлж болохоор ч бусдаас бол шааал өөр дуугардаг нь тэдний мах цусны юм байгаа байх л...

           Том Жагаагийн дуунууд бол ёстой янзын гоё аялгуутай, бас арай илүү орчин үеийн дуунуудын элементүүд түлхүү ашиглагдсан, түүнээс гадна хоорондоо огтоос төсгүй мөртлөө түүнийх байх гэсэн нэг л *тамга* ажиглагдаад байдаг.Бас тэрээр үнэхээр сайхан дууны шүлгийг сонгож, бас яг түүнд зориулсан аялгуу зохиодог юм шиг надад санагддаг. Зарим гоё аялгуунууд дэндүү *даруухан шүлэгтэй* байх нь бас заримдаа хайран санагдаад байдаг юм.Харин түүний гараар орсон тааруухан шүлэг ч бараг супер АМИЛДАГ байж магадгүй.Гэхдээ түүний шүлгийн сонголт нь үнэхээр баараггүй сайн сонголт байдаг болохоор илүү гоё аялгуу гардаг ч байж мэдэш, илүү хөглөгддөг ч байж бас мэдэш. Хамгийн наад захын жишээ нь гэхэд *Сар шиг холын нутаг* гэж дууг нь дуулдаггүй хилийн чинадад оршдог МОНГОЛ ХҮН байгаа гэдэгт би л лав итгэхгүй, бүр дуулах дуулахдаа хоолой нь зангиран байж дуулдаг гэдэгт харин итгэлтэй байна л  даа. Энэ дуу бол ҮГ, АЯЛГУУ, бас ДУУЧИН гурав нь бие биенээ дэндүү ОЛСОН гэж хэлж болохуйц уран бүтээл.

            Улаанбаатарын тухай миний мэддэг хамгийн гоё дуу бол *Улаанбаатарын үдэш* гэж Сахал Пүүжээгийн дуу юм шиг ээ. Ер нь л түүний дуунууд бол туйлын намуун дөлгөөхөн мөртлөө маш тансаг аялгуутай, шүлгийн сонголт нь маш гоё энгийн хирнээ ухаарал хайрласан, нэгийг бодогдуулсан байдаг нь аялгуугаа амилуулахад нь их дөхөм болсон байх шиг санагдана. Түүний *СОНГОЛТ* гэж дуу нь бараг киногоо *амилуулчихсан* юм шиг надад бодогдсон шүү, та санал нийлэхгүй ч байж болно, гэхдээ би өөрт бодогдсоноо л бичлээ.

            *Өргөө* хамтлагийн Болоожийн дотоод сэтгэл нь их тийм оргилуун, мөнхийн залуу сэтгэлгээтэй хүн юмуу даа гэсэн бодол түүний дуунуудыг сонсох бүрт орж ирэх юм.Хаа байсан олон жилийн тэртээд л *Уулын нугад чамтайгаа....* гэж ирээд л манга татдаг байсан үеэс л хамгийн доргио дуунууд түүнийх байхаар чинь тэгж бодогдоно биз дээ? Дунд нь ганц нэг *Бөмбөг битгий хаяарай* нтр гэсэн дуу байх нь байна.Гэхдээ л орчин үеийн хөгжмийн зохиолчдоос ДУУНДАА ШҮЛЭГ БОССОН байхыг амьддаа харсан хөгжмийн зохиолч одоохондоо ТЭР л байна даа. Мэдээж дууны шүлгийг нь Ш.Дулмаа гуай бичсэн болохоор ХҮЧ ЧАДЛЫГ нь нэмэгдүүлсэн байх л даа...

            За ингээд би орин үеийн Монголын хөгжмийн урлагт нэртэй мөртэй яваа хөгжмийн зохиолчдын төлөөлөл болсон зургаан сайхан уран бүтээлч өөрсдийнхөө зохиосон дуунуудаар попурри хийж дуулсныг сонсоод төрсөн сэтгэгдлээ бичлээ.

            Үүнээс үүдэлтэй өөрийнхөө сэтгэгдлийг бичихийн ялдамд эхэнд нь өгүүлсэн ӨНГӨ БУДГИЙН талаар бяцхаан зүйл өгүүлсү.

            Нэгэн дуунд *Өөр өөрийн өнгөөр эгшиглэнэ дээ, хө* гэж дуулдаг байх аа? Яг ингэж өөр өөрийнхөөрөө эгшиглэх нь сонсогч олон түмэндээ ямар их ТААШААЛ МЭДРЭМЖИЙГ өгч байдаг гэж бодно? Харамсалтай нь, зохиолын дуу хэмээн бидний нэрлэдэг /угтаан бол бүгдийг нь л зохиогоод байгаа шт/ хэсэг бүлэг дуунууд  чинь даанч ялгахын аргагүй хоорондоо ижил төстэй ая аялгуутай, ядаж байхад үг нь бас төстэй, ДУУЧИД нь хоорондоо ялгахын аргагүй ХООЛОЙН ТАВИЛТТАЙ /бүгдээрээ шахуу Жавхлан Баясгаланг дуурайж дуулахын хоббитой/ болохоор тодорхой хүрээний сонсогчдын таашаалыг хүртэж байдаг ч цагийн аясаар бүгдээрээ *Үлдэх* нь юу л бол? Гэтэл 1990-ээд оноос өмнөх энэхүү нийтийн дууны ангиллын дууг бид бүгдээрээ шахуу дагаж аялаад, амандаа хүлхээд байдаг нь тухайн ангилалдаа *цор ганц* үг, аялгуутай байсан учраас л ийнхүү олон арван жилээр оршин тогтноод алтан тайзан дээр ч, айлын найран дээр ч адилхан дуулагдаад байгаа байх аа. Дуучид нь ч бас шат дамжсан шүүлтүүрээр шигшигдэн байж *ДУУЧИН* хэмээн өргөмжлөгддөг байсан учраас урт настай, удаан жаргалтай уран бүтээлийн ЭЗЭД болж байжээ.

            Уран бүтээл хийж л байгаа бол тэр хүмүүнд өөрийн *ТУСГАЙ ӨНГӨ* маш хэрэгтэй. Бусдыг дууриах бус, чухамхүү *ЭНЭ БОЛ БИ* гэсэн тусгай будаг шүүгчээр оруулж тогтоолгосон ӨНГӨ БУДАГТАЙ байх ёстой. Тийм онцгой гэрэл гэгээ цацруулсан содон ӨНГӨТЭЙ байх аваас сая олны дундаас ОНЦГОЙ, түмний дундаас ТӨГӨЛДӨР хэмээгдэн өөрийн байр сууриа бат эзэлнэ гэж би бодож байна.   

            Миний дээр дурдсан уран бүтээлчид бол энэхүү байр сууриа бат эзэлсэн, хаана ч, хэний ч өмнө өөрөөрөө тамгалагдсан уран бүтээлээрээ нүүр бардам өөрийгөө тунхаглан зарладаг хэмжээнд очсон ийм л эрхэм алдрыг өөрсдөдөө бий болгож чаджээ.

            Харин нэг гайхалтай нь, БҮГДЭЭРЭЭ НИЙЛЖ НЭГДЭЭД ТОГЛОЛТ ХИЙЖ, ӨӨРСДИЙНХӨӨ ӨНГӨ ТӨРХИЙГ НИЙЛҮҮЛЭН ЦОГЦ БОЛГОЖ ХАРУУЛСАН НЬ БАС Л БАХАРХУУШТАЙ СОДОН ХҮМҮҮНИЙ ЧАНАР МӨӨН...