Гадаадад хийсэн анхны худалдаа


Нийтлэгдсэн: 2016-04-30 18 цаг 53 минут

Бидний найман охид дөрөв,  дөрвөөрөө зэргэлдээ купенд явсан бөгөөд хэн нь билээ дээ, сайн санахгүй байна, *Охидууд аа? Одоо ингээд Оросын дээрэмчид биднийг угтаж байгаа учраас маш сонор сэрэмжтэй явахгүй бол болохгүй гэсэн шүү. Зогсоол бүр дээр тэд нар орж ирээд гурвалжингаар тааруулж энэ хаалгыг шууд онгойлгож, дээрэмдээд гараад явдаг гэсээн.Тэгэхээр хамгийн түрүүнд биеэ сайн гэгч нь засч аваад хаалганы энэ нэг баруун дээр байгаа нүхэнд яг хоёр ширхэг ёотон ХИЙХ ЁСТОЙ. Ёотон бол яасан ч бутардаггүй, найдвартай гэгч нь торгоодог гэсэн.Харин энэ доор байгаа хөндлөн нүхнүүдийг сайн гэгч нь бөглөхгүй бол яг энүүгээр газдаад мануусыг өөрсдөө гарахаас өөр аргагүй болгодог гэж байна билээ* гэсэн *аймшигтай түгшүүрт сонсгол мэдээ* сонсгосон нь эгээтэй л харвуулчихсангүй. 

Ийм аймаар мэдээ мэдээллээ маш нухацтай сонсгосон тэр охинд ёстой нэг талархаад баршгүй.Нээрээ л яг түүний хэлснээр болсныг яана аа?

Ингээд бид нар яаралтай түргэн авч цагаан ёотонгоосоо хоёр ширхэгийг авч тэр нүхэнд нь хийж үзтэл нээрэнгээсээ ЯГ ТААРАВ. Дээш нь гацаадаг тэр нэг дэгээ нь хичнээн түгжээтэй байсан ч ганцхан хүчтэй татахад буучихдаг юм байна билээ. Харин дэгээний доор нь ёотонгоо хийгээд татаж үзэхэд БУУНАА ГОНЖ. Монгол агуу суу ухаандаа биширмой.

Үүний дараа ноосон гудас, хөнжлөө тийш нь огтхон ч зай завсар оруулахгүйгээр хэрхэн бин битүү таг нааж сурахаар нилээн сургуулилт хийлээ.Болж байна, ер нь л сурцтай болох маягтай.За үүний дараагаар хаалганы бариулыг нэг нь өөр лүүгээ, нөгөөдүүл нь бас түүнийг чиглүүлээд хамаг чадлаараа хэрхэн татаж, түлхэх талаар бас нилээн хуваарилалт хийлээ.Нөгөө купенийхэн ч бас *Чи дээшээ, би доошоо* гэлцээд хоёр талд дуу хадаад л бэлтгээд бид хэд бол маш ноцтойгоор бэлтгэлийг онцсайн түвшинд хийцгээсэн нь дараа нь тулсан газар бүгдийн маань аминд орсон юм даа.

Хамгийн хачирхалтай нь галт тэрэг нэг газар ирээд зогсоход үйлчлэгч нарын дуу ЧИВ ЧИМЭЭГҮЙ. Бараг биднийг алж байсан ч тоохооргүй *зөнд нь хаяж байх* нь маш хачирхалтай явдал байж билээ. Аргагүй ч юмуу? Газтай, буутай оросын дээрэмчдээс тэнэг хүн л айхгүй байлгүй.

За ингээд хамгийн анхны ДЭЭРЭМЧИД  пиррр наррр хийгээд ороод ирлээ. Бид нар уже бэлэн байдалдаа орчихсон байсан ч,  бүгдээрээ *үхтлээ айсан царай зүстэй* хачин юмнууд байсан ч гэлээ хүн гэдэг амьтан аминдаа тулахаар аягүй бяр хүч ордог юм байна билээ.За би бол ёстой харагдах том биенээс цаашгүй амьтан мөртлөө нөгөөдүүлээ удирдаад зааж зураад БЭРХЭЭ  БЭРХ.Хамгийн гайхалтай нь манай охидуудын нэг нь ч уйлж майлаагүй шт. Харин ч бүр хөмхийгөө  зууцгаагаад, хөмсгөө зангидаад *А зори здесь тихие*-гийн хүүхнүүд шиг л үзэлцэж байгаамаа.  Нэг дээрэмчин гаднаас шууд *гурвалжиндав*, дахин дахин эргүүлэв.Амандаа шууд хараал урсгаад *Энд чинь хүмүүс байгаа юмуу? Үгүй юмуу?* хэмээн үйлчлэгчээс асуух нь сонсогдов.Нөгөөх нь ч *Байгаа * л гэж хариулах нь тодорхой.

Тэгэнгүүт өнөөх чинь *Новшнууд минь, одоохон ОНГОЙЛГО.Ойлгож байна уу? ОНГОЙЛГО* хэмээн оросоор командлана. *ЯГ ШТ, БИД ГҮРГЭР МОНГОЛ ОХИДУУД АА* гэж болдогсон бол хэлчихмээр... *Юугаар дарчихаараа ингэж онгойлгож болохгүй байнаа* гээд л үглээд тачигнуулахад цаанаас нь *Хурдлаарай, вагон хөдөллөө* хэмээн хамсаатнууд нь орилох нь сонсогдоод пижигнэлдээд бууж одлоо...

Ийнхүү анхны тулалдааныг бид нар баатарлагаар даван туулсан бөгөөд энэ эхний довтолгооны дараа бол жинхэнэ мэргэжлийн үзэлцлээ.Дараагийнх дээр нь бүүр *Та нарыг одоохон онгойлгохгүй бол ГААЗДЛАА шүү* гэхтэй зэрэг золтой л үнхэлцэг зүрх минь хагарчаагүй шт...

Дараагийн удаа нөгөө давхар давхар ноосон *хамгаалалт* руу тэд нар яг үнэнгээсээ ГААЗДСАН ч бид маш сайн хамгаалсан байсан учраас пүг пүг хийтэл ханиалгаад нулимсаа гоожуулсан ч ГҮРИЙЖ  ЧАДСАН л юм даа...Хэрвээ тийм сайн хамгаалалт хийгээгүй бол бүгдээрээ БУУЖ ӨГӨХ байсан байх өө, хөөрхийс.

Би одоо яг ямар ямар өртөөнүүд дээр иймэрхүү хамгаалалт хийснээ нэр усыг нь сайн санахгүй байгаа ч лавдаг л хэдэнтээ давтагдсаныг бол санаж байнаа. Харин цаашлах тусмаа больсоон, арай ч дээ нутгийн гүн рүү, төв рүү нь чиглэж байна даа, тийм байлгүй дээ гэлцэн харин нөгөө арьс хөрс нтр-ээ гаргаж зарж үрэх ажилдаа орлоо доо.

Ингээд би гэдэг хүн өнөө сайхан арьснуудаа зарж үрээд сүрхий цоглог гэгч нь настртай амьтан дуу шуу ороод жигтэйхэн дээ.Аргагүй шт, үнэхээрийн аймаар тулаанаас бид нар *бүрэн бүтэн* гарсан улс чинь баярлалгүй дээ, энэ чинь одоо?

Охидууд бүгдээрээ арьс хөрс, бас бус зүйлээ борлуулаад додигор явнаа...

Ингээд Москва руу нилээн дөхөж явтал дээрэмчид бус харин манууст юмаа зарах гэсэн орос наймаачид зогсоол бүрт орж ирээд гоё гоё юм үзүүлж, харуулаад ер нь л янзтай, янзтай.

Би гэдэг тамхичин болгар тамхи л татаж байсан болохоор блокоор нь барьж орж ирээд *Америк тамхи, МАГНА ав л даа* хэмээн гайхуулах  орос эрээс улаан өнгийн блоктой МАГНА гэдэг *найзыг*  авч тансаглаад сүйд ээ, сүйд. Хирэндээ бас америк тамхи татдаг хүн болж байгаа царай нь юм байлгүй дээ...

Ингээд ажиг сэжиггүй ХОНЬ БҮРЭН, ЧОНО ЦАТГАЛАНГИЙН ҮЛГЭРЭЭР явж байтал хоёр орос залуучууд манай купенд орж ирээд *Охидууд аа? Бид хоёр маш хямдхан монетон хос бөгж зарах гэсэн юм.Аваач* хэмээгээд ороод ирэв ээ, хоёр гай чинь? Би ажил хийдэг байхдаа зийдийсэн нарийхаан монетон бөгж авч зүүгээд тун ч удалгүй гээчихээд айсандаа хэлж чадаагүй нууж явсан үеэ бодох ч шиг, бас ч гэж тэр үеийн хүүхэн бүрийн мөрөөдөл ОРОС МОНЕТОН БӨГЖ /гэхдээ энэ бол обручалка буюу хуримын дан кольцон бөгж байсан л даа/ нэгийг нь 750 рубль гэж хэлээд нүдэн дээр шуугий хөдөлгөөд байх чинь одоо аягүй хэцүүтэй юм гэдгийг анх удаагаа үздэг юм байна даа.Нөгөө хоёр залуу над дээр бүүүр битүү *ажиллав*, хоёулаа паспортаа гаргаж үзүүлэв, элдвийн ид шидтэй үлгэрийг намайг манартал  ярьж ховсдоод нэг бүр нь 750 рублийн хоёр ширхэг бөгжийг Наран гуай нь 1500 рублээр /уул нь аав минь надад 2000 рубль өгөхдөө ингэж солиорохыг нь мэдсэн бол заяа нь өгөхгүй байсан байхоо/ АВЧИХСАН л юм даа...Энэ бол их мөнгөөр ажиг ч үгүй солиорсон ЭХНИЙ СОЛИОРОЛ минь байлаа...Би та нарт ханшийг нь ойлгуулахын тулд тэр үед бид нар стипенди гэж сард 120 рубль авч байсан бөгөөд энэ нь сардаа элбээээг хүрэлцэж байсан гээд бодохгүй юу.Метронд 5 копейкээр сууж, 10 өндөг 3 рубль байсан цаг үед энэ бол нээрээ ЭЛИЙРЭЛ шүү...

Гэхдээ би гэдэг хүн их сонин сэтгэлийн хөдөлгөөнтэй, цагаахан сэтгэлтэй ч гэж жигтэйхэн амьтан юм болохоор яах гэж ХОЁРЫН ХОЁР БӨГЖ авсан гэхтэй зэрэг амихандаа ИЖИЙ, ЭГЧ хоёртоо л авсан ухаантай юмаа.Учир нь тэр хоёр хоёулаа элдвийн чамин хийц гэхээсээ илүүтэйгээр грамм ихтэй дан бөгжинд дуртай улс болохоор л тэгж юу юуны туханд хүрэлгүйгээр БЭЛЭГ АВСАН бөлгөө.

Өөр хүн бол ядаж дэлгүүр хоршооноос авна гэж бодно биз дээ? Гэтэл би гэдэг хүн учиргүй яараад галт тэргэн дотор, хүний гараас тийм эдийг авч байдаг, ёстой нэг ГЭНЭН БООЁО гэдэг л насан дээрээ явсан юмдаг уу даа?

Ийм болохоор би одоо хүмүүсийг элдвийн үнэтэй цайтай эд авахад нь дотроо *САЙН БОДООСОЙ* хэмээн өөрийн эрхгүй залбирдаг. Учир нь эмэгтэй хүн бүрт ингэж солиорох үе байдаг гэдгийг өөрийн биеэр мэдэрсэн учраас тэр шүү дээ. Энэ үед нь хэн нэгэн хүн ядаж *Боль, байг* гэхэд сэхээ авдаг нэг нь СТОП КРАНАА ТАТДАГ л байхгүй юу.Харин манай охидууд бол надтайгаа адилхоон, манарцан...

Ингээд би нөгөө хоёр бөгжөө далд хийлээ.Өнөө хоёр ч буугаад явлаа.Тэд бол хотоос хотын хооронд галт тэргэн дотор наймаа хийгчид байсан учраас тийм тухтай намайг шалсан хэрэг л дээ.ПИЙ, одоо байсан бол *Та хоёр битгий ГУЦОО* гээд л гаргана биз дээ? Хүний залуу нас гэдэг заримдаа ийм л ЭРГҮҮ байдаг даа?

За үүнээс гадна бас бус хөөрхөн дүйнгэтэл болсон ч хамгийн дуулиантай гэснээ л би энд бичлээ.Бусдад СУРГАМЖ болуужин хэмээн зориуд хүүрнэлээ...

Ийнхүү адал явдалтай аялсаар Алтан МОСКВА-д би гэдэг хүн чинь АЛТАН БӨГЖ хоёр ширхэгтэй цоглог БАЯН ХҮҮХЭН бууж ирэхэд бидний куратор багш болох Д-р Зэгиймаа багш минь биднийг Ярославын вокзал дээр инээд алдан тосч авснаар адармаатай аялал минь өндөрлөлөө...

 

Шинээр хэвлэгдэж буй *МИНИЙ Л БОДЛУУД-2* номны 1-р бүлгээс....