Чин сэтгэл


Нийтлэгдсэн: 2016-05-27 18 цаг 20 минут

            Нэгэн зүйл. Миний хамгийн их ярих дуртай сэдэв бол чухам энэхүү хүн бүрт байвал зохих ЧИН СЭТГЭЛ хэмээх зүйл болой. Зарим хүмүүст эхээс төрөхөд нь л хамт *төрдөг* ч гэж хэлмээр, заримд нь хожуу ч гэсэн суучихдаг, харин зарим нэгэнд нь бүр хэзээ ч бий болдоггүй энэхүү эрхэм чанар нь харин хүмүүний амьдралыг хөтөлж залдаг юм шиг надад санагддаг.

            Сүүлийн 5,6 жилийн туршид  гэрийнхээ цонхыг угаалгах бүртээ түүнийг хийж гүйцэтгэж буй залуучуудыг хүссэн хүсээгүй ажигладаг зуршилтай боллоо.Эхэндээ ч өмнөөс нь айгаад *Хүүхдүүд ээ? Наад олс дээс чинь хир зэрэг бөх бат юм бол? Та нар ямар их савладаг юм бэ? Хэтэрхий их хоорондоо хүчтэй савлалттайгаар юм хумаа дамжуулаад байгаа юм биш үү?* гэх зэргээр илүү үглэн тэдний өмнөөс бараг л хооронд нь алчуур хусуурыг нь дамжуулах шахуу л юм болдог байлаа. Энэ зууртаа *Ам нь цангаж байна уу? Май уугаарай, энийг амандаа хийчих* гэж ирээд л ундаа чихрээр дайлаад аминдаа тэдэнд сэтгэл гаргана. Ингэх зууртаа *За, та нар эгчийнхээ цонхны энэ нэг тавцангийн хэцүү хэсгийг л их анхааралтай, сайхан гэгч нь цэвэрлээд өгдөг юм шүү.Дотроосоо ямар цэвэрлэж болох биш* гэж захиж дуусахгүй.Нөгөөх хэд маань *Ааан, энэ хэсгийг хамаагүй арчиж болохгүй ээ, энэ бол гадна хөөсөнцрийг нь шавардаад орхисон учраас арчиж зүлгэвэл нурчихдаг юмаа* гээд арчиж өгөхгүй байсаар байгаад удаан жилийн хир бохирдолтой тэр хэсгийг харахад л урамгүй ч *болдоггүй гэнэ лээ, одоо яалтай вэ* гэж боддог болсон юмдаг. Хирэндээ л үнэтэй цэвэрлүүлж байгаа хүнд чинь бас нэг сэтгэл ханамжийн баталгаа гэж нэг юм байдаг даа? Тэр маань багассаар л байсан юм билээ, өчигдрийн өдрийг хүртэл...

            СӨХ-өөс утасдаж санал авахдаа *Урьдны компаниудаас хямдхан үнээр нэг компани цэвэрлэх болсоон* гэж мэдэгдсэн болохоор би *За, хэдийгээр хямралтай байгаа ч гэсэн  гэр орны гэрэл гэгээгээ бодоод цэвэрлүүлдэг л байх даа* гэсэншүү юм бодоод захиалгаа өгсөн юм. Нэг хартал НЭГ ЗАЛУУ дүүжигнэн гадна талаас нь угааж харагдана. Ингэхдээ бас ч үгүй хөөсрүүлж ирээд пролондоод байх нь нүдэнд их содон туслаа.Тэсэлгүй үглэдэг хобби нь хөдлөөд гүйгээд очлоо.Цонхоо онгойлгож ирээд * За, сайн байна уу? Миний дүү ГАНЦААРАА байгаа юмуу? Уул нь гурвуулаа дүүжигнэдэг юмсан.Чи минь барах байгаа?* гэлээ. Хариу мэндлээд тэр залуу *Гайгүй байх аа, эгч ээ.* гээд инээмсэглэх нь харин нүдэнд их дулаахан харагдлаа. Жаал харж зогсох нь ээ, их сурмаг хурдтай хөдөлгөөнөөр ер нь л их боломжийн цэвэрлэх маягтай байна аа...

-Миний дүү? Энэ нэг хэсгийг л эгч нь цэвэрлүүлчихмээр санагдаад удаж байнаа. Болдоггүй л гэлцэх юм.Чи нэг оролдоод үзээрэй.Юмыг яаж мэдэх вэ?

-Аан, за. Цэвэрлэчихье.Болох байх аа.

-Энэ хүрээний хэсэг штэ? Нурдаг гэнэ лээ штээ?

-Нурахгүй ээ, эгч ээ.

-За за.Хичээгээрэй, миний дүү.

-МАНАЙ КОМПАНИ ЧАНАРЫГ ЭРХЭМЛЭДЭГ ЮМАА

            Надад хэлэх үг олдсонгүй.Бушуухан л цонхоо хаалаа.*Ой, ёо ёо, ямар мундаг үг хэлдэг хүүхэд вэ? Чанарыг эрхэмлэнэ л гэнэ шүү* гэж гэртээ ороод охиндоо хэлтэл *Танаас өөр ажлаа хийж байгаа улсуудтай ингэж ярилцдаг улсууд байгаа болов уу?* хэмээн ёжтой гэгч нь намайг явууллаа.

            Үдээс хойш зүүн талын хэсгийг бас хоёр залуу дээрээс бууж ирээд угааж байх зуур хашралгүй бас хэлдгээ хэллээ.*За за, эгчээ, ойлголоо* гээд инээлдээд байх тэр залуучуудыг би тэгсгээд орхисон л доо. Учир нь хойд талыг ч тэр, зүүн талыг ч тэр цэвэрлэсэн залуучууд ДЭНДҮҮ ХУРДАН УГААГААД  доошилчихсон учраас би дотроо *Хямдхан хийж байгаа компани гэсэн, гурилдахыг үзүүлж өгсөн биз* гээд юун нөгөө чихэр ундаагаар дайлах, хэсэг зууртаа мартаж орхиж.

            Нилээн удсаны дараа гэнэтхэн *Нөгөө нөхдүүд чинь нээрээ юу болгосон бол?* хэмээн гэнэт санаад хойдох хэсгээ үзтэл *Хүүш? Нөгөө нэг алдарт *гар хүрч болдоггүй хэсэг* чинь ЦАВ ЦАГААН болчихсон байлаа. Зүүн тийшээ гүйж очоод нөгөө балкон дээрээ гараад хартал тэр талыг ч гэсэн ХАЧИН ГОЁ цэвэрлээд буучихсан байна шүү дээ. Би гэдэг хүн бүүр шоконд орчихлоо.Ямар сонин юм бэ? Ингэж АМ АЖИЛ НЬ ТААРДАГ ЗАЛУУЧУУДЫГ бараг л анх удаагаа харж байх шиг байна, сүүлийн үед? Сонин юмаа? Өчнөөн жил хүний гар хүрээгүй тэр хэсгийг тийм богино хугацаанд 20 гаруй мкв цонхтой юутай хээтэй нь бүгдийг нь чанарын өндөр түвшинд ОНЦСАЙН дүнтэй УГААЧИХААД буугаад явчихсан тэр залуучуудыг би жаахан ч гэсэн дайлж чадаагүйдээ жигтэй их харамслаа.Тэгснээ бас бодлоо.Хүний сэтгэл гэдэг санаанд нь хүрдэггүй зүйлдээ *нимгэрсээр* байгаад сүүлдээ ГАРАХАА ч больчихдог юм байна даа гэж өөрийн эрхгүй өөрийгөө зөвтгөх маягтай. Гэхдээ нэгэн бодлын *ХҮН ААЛЗ* хэмээх тэр ХХК-ын залуучуудыг хэрвээ өчигдөр харсан минь бас АЗ. Ийм сайхан залуучууд та бидний дунд байна. Эрхэлсэн ажлаа ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ хийдэг залуучуудад бүгдээрээ жаахан ч гэсэн УРАМ  ХАЙРЛАДАГ байцгаая. Хэдийгээр өөрт оногдсон цалин цаваа авдаг ч гэлээ үнэнхүү сэтгэлтэй, сурцтай, зүтгэлтэй, мэдрэмжтэйгээр  АЖЛАА ХИЙНЭ гэдэг энэ цаг дор тийм ч элбэг бус ч гэлээ бас байгааг харах САЙХАН юмаа...

            Бас нэгэн зүйл. Чикаго хотод нилээн ширүүн бороо орсон өдөр нэгэн залуу Тоёота маркийн машинтайгаа давхиж явтал шил арчигч нь эвдэрсэн тул замын хажууд зогсч бороо зогсохыг хүлээхээс өөр аргагүйд хүрчээ. Гэтэл энэ үеэр хажуугаар нь өнгөрч явсан нэгэн настай хүн бороонд норон байж түүний эвдэрсэн шил арчигчийг засч эхэлсэн байна.Нөгөө залуу гайхан *Ингэхэд та хэн бэ? Яагаад миний машиныг засаад байгаа юм бэ?* хэмээн асуувал *Би *Тоёота* компанид ажиллаж байгаад тэтгэвэртээ суусан хүн байна.Чиний машинд асуудал үүссэнийг хараад ЗАСЧ ӨГЬЕ л гэж бодсон юм* гэж хариулжээ. Хөгшин засаад дууссаны дараа залуугийн өгсөн МӨНГИЙГ АВААГҮЙ гэнэ лээ. Учир нь тэрээр өөрийнхөө насаараа ажилласан үйлдвэрийн нэр төрийг өөрийнхөө энэхүү үйлдлээрээ аврах гэсэн ЧИН СЭТГЭЛ нь байсан ажээ.

            Эндээс үзвээс аливаа ХҮМҮҮН өөрийнхөө амь амьдралаа холбосон ажлын төлөө, компанийхаа төлөө ингэж л ИХ БАГА ч гэсэн ЧИН СЭТГЭЛЭЭ ЗОРИУЛЖ ажиллах ёстой гэдгийг дээр дурдсан манай залуучуудын ч, тэр нэгэн тэтгэврийн настны ч үйлдэл нь ТОД ТОМРУУН харуулж байх шиг???

            СЭТГЭЛ БАГАДДАГГҮЙ ЭЭ...