ХЯТАД МАЯГИЙН ХОТ БАЙГУУЛАЛТ


Нийтлэгдсэн: 2016-07-06 13 цаг 47 минут

            Би Хятад орон руу явж эхэлсэн цагаасаа эхлээд тэдний нөр их  БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ хүссэн хүсээгүй ажигласан хүмүүсийн нэг л дээ. Энэ талаар дурсах дурсамж ихтэй л. Ямар сайндаа бүүр анх *Яаааг манай Улсын Их Дэлгүүр тэр Ванфужины өргөн чөлөөнд байдаг* гэж сонсоод хэрэг болгон очиж харж байх вэ? Адилхан байсаан, байсан. Гэхдээ нэг л юм надад хэцүү санагдсан нь Хятадын, тодруулбал Бээжингийн барилга байгууламжууд яваад барагдахгүй том том байсан нь эхэндээ *ядаргаатай* санагдаж байснаа сүүлдээ *ОЛОН ХҮНИЙ САВ* энэ зэрэгтэй байхгүй өөр ямар ч байх билээ гэдэгтэй эвлэрч билээ. Явган явахад яваад барагдахгүй нь үгүй мөн хэцүү, ялангуяа халууны улиралд бүүр ч асуудалтай...

            Сүүлийн 10-аад жил би Бээжин рүү очихдоо онгоцоор очдог болсон л доо. Буух болоход ялангуяа гэгээтэй ч бай, харанхуйд ч бай яг сайхан дээрээс нь тольдоход хот байгуулалтыг утгаар нь дээрээс харж болно.Жилээс жилд зохион байгуулалт нь улам л өргөжин тэлэхийн дээр хотыг гадагшаагаа тэлэх нь илтэд нэмэгдэж буй нь чухамхүү дээрээс нь харахад л тодорхой байдаг.

            Тянь-Ан-Мэний талбай дээр анх очиж үзэхдээ нэг айдас төрж байсныг сайн санаж байна. Учир нь нөгөө нэг танкдсан талбай чинь энэ шүү дээ, энүүгээр баахан оюутнууд ингээд сууж байсан гэл үү ч гэж бодогдох шиг? Гэхдээ сүүлд нь би тэр үйл явдлын талаарх Би-Би-Си-гийн баримтат кино үзсэний дараа арай өөрөөр асуудлыг шинээр тайлбарлав, зөвхөн өөртөө л дөө. Би бодохдоо өөрөө МОХ-ын партизануудын нэг болохоороо бас өөр шигээ оюутнууд л дангаараа байсан гээд ойлгочихсон маань алдаатай мэдээлэл байсан шүү. Тэгж яривал оюутнууд байх нь байсан, гэхдээ тэнд чинь есөн зүйлийн хүн амьтад бараг *амьдарсан* юм билээ. Тэндээ толгойгоо  шанагатай усаар угаагаад, ил задгай бие засаад ёстой нэг заваарч өгч байсныг нь тэр кинон дээрээс хараад *Өө, хөөрхий, эд нарыг ингээд сул тавьсан бол ёстой галзуураад Хятад даяараа үймээний хөлд үрэгдэх байж* гэсэн бодол төрсөөн. Гэхдээ тэднийг тэгж дарсныг зөвтгөж байгаам биш л дээ, зүгээр л ЯАГААД Ч ТАРАХААРГҮЙ ААШИЛЖ байсныг би л лав тэр кинон дээрээс харсан л даа.

            ГУГУН буюу ХААЛТТАЙ ХОТ-той нилээн эрт танилцаж, бүхэл бүтэн нэг өдрийг зарцуулав. Манжийн хаадын ордны багахаан хэсгийг нийтэд үзүүлж байгаа ч цаана нь үзүүлдэггүй хэдэн мянган ч гэлээ өрөө сав байгаа юм гэнэ билээ. Үзэгчид бол ердөө л ТЭР ТОМ ОРДНЫ ЗӨВХӨН ГОЛООР нь урдаасаа хойшоо, аль эсвэл хойноосоо урагшаа ЧИГЭЭРЭЭ Л НЭВТ АЛХААД өнгөрч байгаа хэрэг. Жаахан хажуу тийш алхаж баахан эртний сав суулга, аяга таваг үзүүлсэн хэдэн өрөөгөөр нь орвол орно. Ингээд л гүйцээ. Харин сүүлд охинтойгоо, бас гэрийнхэнтэйгээ, найзуудтай хэд хэд очсон бөгөөд газарчийн үүрэг гүйцэтгээстэй. Харин манай охин л Манжийн киноны фэн болохоороо тэр ордныг бараг надад гүйцэд тайлбарласан уу, яасан аягүй сонирхолтой юм болоод явчихаж билээ.

            Энэ талбай бол Дундад Улсын голт зүрх нь л гэсэн үг. Өглөө эрт таван таван хошуутай улаан тугаа цэргүүд нь сүртэй мандуулна, орой буулгана. Бас л их үзүүштэй шоу. Тойроод Төрийн Ордон, Мао Зе Дуны мавзолей, Түүхийн музей, Батлан хамгаалах яам гээд онц чухал обьектуудтай. Энэ хавийг мөн ч олон янзаар тохижуулахыг би харлаа. Гэхдээ улам л сайжруулаад, төгөлдөржүүлээд байнаа...

            Төв талбайгаас ердөө л хоёр км-ын зайд орших зочид буудлуудад олон жил буусан учраас хүссэн хүсээгүй тэр хавийг ажиглахаас ч өөр яах вэ? Ялангуяа авто зам, дугуйн зам, явган хүнийхээ замыг хэрхэн яаж тохижуулахыг мөн ч их харсан. Худалч хүнд замын компанийн менежер хийчихмээр санагдаад байдаг юм.

            Тээр жил буудлынхаа цонхоор манай урдуурх төв замаа хэрхэн шинэчлэхийг хоёр өдөр харлаа. Яг хоёр өдөрт л багтаагаад тавьчихсан даа. Харсаар байтал хуучин замыг нь яах ийхийн зуургүй бульдозердоод хуулж байхад цаанаас нь том том чулууг ачааны машинаар авчраад л асгаад байх нь тэр. Тэгээд хоёр талаас нь цистернээр ус цацлаа. Дараа нь арай жижгэвтэр чулууг бас асгалаа. Түүний дараа жижиг хайргаар чигжээд бас л усаар услаад л байгаа харагдана. Үе болгоны завсраар услаад л, услаад л байдаг юм билээ. Ингээд элс авчраад асгахдаа зай завсаргүй услаад байхыг нь хараад би бүүр ангайлаа. Яасан ч их усладаг, ямар ч их ус ордог юм гэсэн шүү юм бодоостой. Хамгийн сүүлд нь асфальтаар бүрлээ. Бас услаастай...Ингээд л хоёр шөнөдөө бүх тэмдэг тэмдэглэгээгээ тавиад л хаалт хашлагаа гүйцээгээд ЗАМ БЭЛЭН болсон доо. Лав л 10 гаруй жил боллоо. Тэр зам дахиад хэдэн жилийг элээхээр бүрэн бүтэн хэвээрээ л байгаа...Би хэрвээ өөрийнхөө нүдээр өнжин хонон үзээгүй бол лавтай үнэмшихгүй ээ. Замыг лав ингэж л тавьдаг улсууд юм билээ...

            Нэгэн удаа охин бидэн хоёр ЗООПАРКТ  зугаалж явлаа. Манай охин амралтаараа Бээжинд очих дуртай бөгөөд очих тоолондоо заавал хоёр өдөр зугаалдаг нормтой. Очсон мөртлөө л дахин дахин хэдэн газраар зочлох дуртай. Тэрний нэг нь Зоопарк юм л даа. Тэр удаа хоёулаа гангар гунгар хийсэн шигээ алхаж явтал хэдэн эрчүүд явган замыг шинэчилж байхыг харав. Охин *Хүүе? Явган хүний замаа яаж тавьдагийг нь хоёулаа харья* гээд би ч бас хэрэг дурлаад алхаагаа удаашруулангаа сэмхэн гатнуулдлаа. Яагаад сэмхэн гээч? Хятад хүн их сонион. Юм хийж байхдаа гадны хүн хараад байвал ХИЙХЭЭ БОЛЬЧИХДОГ гэдгийг нь мэддэг болохоороо тэр л дээ. Хартал манай залуучууд явган хүний зам тавихдаа хэрэглэдэг алхнаас хамаагүй том, бас пүг пүг гэсэн дуутай МАШ ТОМ РЕЗИНЭН АЛХ хэрэглэдэг юм байна. Бас чулуун үе дээр хайрга элс цацдаг бололтой. Харин элснийхээ дээр саарал өнгийн нунтаг цацаж харагдана. Гэхдээ энэ бол цемент биш байсан. Би аминдаа тэр хавьд тамхилж байгаа царайлаад тухтай ажиглах санаатай байгааг минь муу *зуснууд* чинь МЭДЧИХЖЭЭ.  Ажлаа хийхээ больчихлоо шүү. Яадаг ч байсан манайхаас шааал өөр тавьж, нэг саарал нунтаг цацдаг гэдгийг нь мэдэв. Тэрэн дээрээ плитануудаа тавиад нөгөө том алхаараа ганцхан ПҮК хийтэл сурмаг гэгч нь цохиод байсныг нь хараад амжсан л даа. Бүгд команд авсан юм шиг хөлөө жийж суугаад тамхиа татаад унацгаалаа. Гэхдээ л мэдээд авчихсан юм чинь гээд бидэн хоёр цаашаа явсан бөлгөө...

            Ачаалал ихтэй өргөн замын голоор эгнүүлэн тавьсан урсгал заагласан хашлагыг дулаан цагт замын цагдаа нар нь УГААЖ ӨНГӨ ОРУУЛАХЫГ зөндөө л харж байлаа. Манай цагдаа нарыг ингэж угаа гэвэл юу болох бол?? хихихи

            Миний бодлоор Замын төсөл зураг зохиодог компаниудын төслийн инженерүүд нь *тоонд сайн* төдийгүй ТООЦООГ ЖИНХЭНЭ ХИЙДЭГ юм шиг санагддаг. Учир нь дугуйн зам, машин зам, явган хүний замыг яаааг хамгийн зохимжтой ХУВИЛБАРААР ШИЙДДЭГ. Яагаад гэвэл бүгд нийлээд зорчиход хэн хэндээ түвэг учруулахгүйгээр барахгүй зам гарахад саадгүй, метроны орц гарцны харалдаа тааруулаад, ер нь л аливааг төлөвлөхдөө заавал ХҮНД ТААЛАМЖТАЙ байдлаар шийдэл гаргадаг. Манайхан бол хорлож байгаа юм шиг явган хүний замыг тээр тэнд хийнэ, эсвэл хоёр машин хоорондоо наалдчихмаар *ЗУРАГ ЗУРДАГ*. Уулзвар нэвтрэхдээ наалдан алддаг тийм хачин коридор хотын төвөөр зөндөө байна. Шинээр хийхдээ л ингэж хийж байгаа улсуудтай ярих ч юм алга.

            Олон жилийн өмнө бол Бээжингийн төв хавиар нурж унан алдсан шавар амбаарууд зөндөө байсан бөгөөд орчин үеийн гоё барилгуудтайгаа зэрэгцээд л үзээд байдаг байснаа зугуухан алга болсоор байгаад оронд нь орчин үеийн цэмцгэр сайхан, архитектурын гайхамшгийг илтгэсэн том том оффис, банк, зочид буудлын байшингууд сүндэрлэх нь урамтай гэж. Гэхдээ тэдгээр шинээр ашиглалтанд орж байгаа барилга байшингууд нь манайх шиг тэгж бөөрөөрөө тас наалдахгүй, наалдсан ч учиртай, заавал эргэн тойрноо төгс тооцоолсны үндсэн дээр гадаах тохижилт, паркин, усан оргилуур, ногоон цэцэрлэгжүүлэлтийг заавал хийдэг нь хотынхоо өнгө үзэмжинд тустайг яана...

            Хотынхоо нягтаршилтыг багасгахын тулд хотынхоо захаар доод тал нь 30, 40 давхар орон сууцны хотхонуудыг маш ихээр босгож байгаа нь тун зөв зүйтэй шийдэл юм шиг санагдаад байгаа. Тэдгээр хотхоныг сургууль цэцэрлэг, дэлгүүр хоршоо гээд үйлчилгээний бүхий л цогцолбортой барьж босгож буй учраас тэнд амьдарч буй иргэд нь заавал хотын төв рүү өдөр бүр түгжрэн байж зүглэх шаардлагагүй болчихож...

            Үүнээс гадна 3-р тойргоос дотогш байрлаж буй томоохон зах дэлгүүрүүдийг 5,6-р тойрогт нүүлгэн шилжүүлэх шийдвэр гарсан учраас энэ нь бас л хотын түгжрээг багасгахад маш их үр нөлөөтэй ажил болно гэж өөрсдөө үзэж байгаа юм билээ. Онгоц, галт тэргээр ирсэн гадна дотны улсууд тийшээгээ очиход илүү ойр, тэндээсээ буцаад явахад нь ч бас амар гэж тооцоолсон гэнэ. Манайд бол Төв талбайгаасаа 2,3-хан км-ийн зайд хамгийн том том захууд нь байрлахаар чинь яаж ч түгжрээгүй байх билээ дээ? Зуун айл, Нарантуул, Өгөөмөр гэсэн том том захыг амарсан өдөр сэв сэлүүхэн болж байгааг манай дарга нар *АЖИГЛАДАГГҮЙ* гэж л би ойлгоод байгаа шт...хихихи...

            Миний сонссоноор газар чөлөөлөх буюу хуучны барилга байшинтай иргэдтэй засаг захиргаанаас нь харилцан тохиролцсоны үндсэн дээр асуудлыг шийддэг бөгөөд тэр газарт шинээр ашиглалтанд орох орон сууцнаас олгох, аль эсвэл мөнгийг нь олгодог гэнэ лээ. Гэхдээ иргэдийн хувьд заавал аль нэгийг нь сонгох үүрэгтэй, учир нь энэ бол нийгмийн тусын тулд олон хүмүүсийн эрх ашгийг хангахын тулд төр засгаас авч явуулж байгаа ажил тул саатуулах ЭРХГҮЙ!!!

            Манайд бол асуудал арай хүнд. Манай байшингийн ард улсаас зам тавих үед хоёр машин зөрөхөд арай л боломжгүй болчихоод байгаа нэг байшингийн булангийн эсрэг талд байгаа хашаатай айлыг олон нийтийн тусын тулд хашаагаа дотогшоогоо ердөө л 1м, бүр болъё 50см татаад өгөөч гэсэн хүсэлтийн хариуд бүр гөжөөд хашаандаа тулгаад нийтийн байр барьсан бол яах вэ? Одоо тэр хэсэгт хоёр машин зөрж болдоггүй, заавал нэг нь зам тавьж өгөх хэрэг гардаг учраас үргэлж мөнхийн түгжрээ үүсээстэй харагддаг.

            Бээжингийн захын дүүргүүдэд өндөр орон сууцны барилгуудыг барьж байгаа бол харин Шанхайн захын дүүргүүдэд эсрэгээрээ, таунхауснуудыг их гоё хотхон маягтайгаар барьж байгуулж буй харагдсан. Тэгэхээр хот бүрийн онцлогт тохируулан асуудлыг шийдэж байна гэсэн үг.

            Орон сууцны хорооллоос бусад барилга байгууламжууд нь бол бүгд дорны барилга архитектурын онцлогыг маш өвөрмөцөөр харуулсан, үзэмж төгс, сонин содон шийдлээр босгодог.Эдгээр нь хотынхоо ерөнхий байдалтай төгс хослодог учраас Хятадын барилга байгууламжийн орчин үежүүлсэн хувилбарыг үзүүлж байгаа хэрэг л дээ. Хуучны барилга байгууламжуудад хадгалагдан үлдсэн гол онцлог болох дээврийн болон бусад элементүүдийг орчин үеийнхэд нь их донжтой тусгасан байгаа нь бас л бодлого юм даа. Ер нь ч ХОТ БАЙГУУЛАЛТ гэдэг чинь тэр чигээрээ БОДЛОГО, бүр маш нарийн төлөвлөж боловсруулсан ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ҮНДСЭН дээр л явагддаг юм байна даа...

*МИНИЙ Л БОДЛУУД* №2 номноос хэсэгчлэн орууллаа...